“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт зохион байгуулах “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 7-нд тус аймагт эхэлнэ.
Энэ удаагийн сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн, хайх аврах-111 болон Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулах юм.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь академик болон ширээний, техникийн, дадлага сургалт гэсэн гурван төрөлтэй бөгөөд гал түймэр, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх дадлага сургалтууд явагдана.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.
Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Өмнөговь аймагт, 2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Ховд аймагт, 2019 онд “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр Дорноговь аймагт, 2021 онд “Хангай-21” нэртэйгээр Архангай аймагт, 2022 онд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд Баянхонгор аймагт тус тус зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл