Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2024 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа. Монголбанкнаас 2022 оноос хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нь инфляцыг бууруулж, тогтворжуулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц ийнхүү буурлаа. Цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө буурууллаа.

Гадаад эрэлт, экспортын биет хэмжээ өндөр байгаа нь валютын орох урсгал, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж байна. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан малын зүй бус хорогдол өвлийн саруудад огцом нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү бодлогын шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Цаашид эдийн засгийн гадаад, дотоод орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа