УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.  

Гепатитын D вирусний халдварыг эмчлэх "Булевиртид" эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг  эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. 

Гэвч "Булевиртид" нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад  хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.

 Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал, 

-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “"Булевиртид"” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн  хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.  

-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор  тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.

-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай”  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар  Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “"Булевиртид"” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D  вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь  байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.

- “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.

-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа