Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
"Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутаг төлөвлөлтийн онол, аргазүйд шилжилт хийгдэж “шинэ эдийн засаг-газарзүйн онол, кластерын онол, хөгжлийн туйл, өсөлтийн төвийн онол”-ууд орчин үеийн чиг хандлага болж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж Хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.
Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулаад байна.
Тус үзэл баримтлалд 6 бүлэг, 1 эрхэм зорилго, 7 зорилго, 197 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсыг эдийн засгийн “Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын” гэсэн долоон бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр тодорхойллоо.. Үүнд:
• Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;
• Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;
• Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;
• Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг;
• Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;
• Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;
• Улаанбаатарын бүсэд: Улаанбаатар ба дагуул хот.
Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:
- бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэж;
- бүс нутгийн онцлог, давуу талыг нээн илрүүлж;
- бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлж;
- байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээж;
- үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжиж;
- бүс орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлж;
- бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж;
- улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилж;
- татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлж;
- бүс нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтран ажиллах сонирхлыг дэмжиж;
- тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлж;
- дэд бүтцийн нэгдсэн, ухаалаг сүлжээг байгуулж;
- бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлж,
- орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулж;
- бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл ядуурлыг бууруулж;
- орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүс нутгийг хөгжүүлнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл