Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна
Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой.
Уулзалтыг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл зэрэг байгууллагууд хамтран тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уулзалтаар малчин өрх, хоршоологч малчдыг хурганы мах бэлтгэл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэгч аж ахуй нэгжтэй хамтрах, оролцогчдыг тодорхойлсон түншлэл, зах зээлийн холболтыг бэхжүүлэх үеийн оролцоо, үүрэг хариуцлага, бүтээгдэхүүн, санхүү, хөрөнгө оруулалт, үр нөлөөний урсгалын хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлэх зураглал гаргана.
Мөн энэхүү уулзалтаар хоршоологч малчдыг стандартын шаардлага хангасан мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэргээр туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Манай улсын хувьд 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь түүхэн дээд амжилтыг тогтоосон төдийгүй булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий махны экспортын тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор салбар яамтай 50 орчим аж ахуйн нэгж хонь, ямааны түүхий мах экспортлохоор бодлогын гэрээ байгуулаад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл