МҮОНРТ нь УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгаа болоод мэтгэлцээнийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос батласан хуваарь, цагийн дагуу үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөлд сурталчилгааны цагийн хуваарь, мэтгэлцээний дэгийг танилцуулах уулзалт өнөөдөр МҮОНРТ-ийн төв байранд боллоо. 

Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл энэ талаар мэдээлэл өгч, төлөөллүүдтэй санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд Олон Нийтийн Радио Телевизээр Улс төрийн нам, Эвсэл, Бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй цаг хуваарилах, Мэтгэлцээний дэг, аргачлалд мэтгэлцэгчдийн төлөөллын саналыг тусгаж, ХХЗХ, СЕХ-нд хүргүүлж, танилцуулахаар боллоо.

Сануулахад: МҮОНРТ нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар Харилцаа холбооны зохицуулах хорооноос батласан хуваарь, цагийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээнийг төлбөргүй нэвтрүүлэх үүргийг хүлээдэг.

Тодруулбал,

39 дүгээр зүйл. сонгуулийн сурталчилгаа

39.1. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

46 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

46.1. Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно.

46.2. Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.

46.3. Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

46.4. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

46.17. Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.

46.18.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

46.20. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн, энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

46.21. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.

46.22. Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

46.23. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

46.24. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар энэ хуулийн 46.20-д заасан журам зөрчсөн бол эхний удаад сануулах арга хэмжээ авах, эсхүл радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл цуцлах тухай шийдвэр гаргана.

46.27. Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.

46.28. Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг сонгуулийн сурталчилгаа дундуур нэвтрүүлэхийг хориглоно... гэсэн байдаг.

Мөн Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын

ХОЁР: Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа болон мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх гэсэн хэсэгт

  • Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох санал гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.11, 46.12, 46.18, 46.28 дахь хэсэгт нийцүүлэн дараах зарчмыг баримтална.
    • сурталчилгааны нэвтрүүлгийг аль нэг сувгаар, мэтгэлцээний нэвтрүүлгийг үндсэн сувгаар төлбөргүй нэвтрүүлэх;
    • сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцож хуваарилах ба үүнд оргил цаг болон сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдийн цаг мөн хамаарах;
    • сурталчилгааны нэвтрүүлгийн дарааллыг тооцохдоо сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагаас эхлэн тоолох зарчмаар хуваарилах;
    • хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны цаг хуваарилахгүй байх.
  • Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримтлах аргачлалыг баталж, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн саналыг харгалзан тогтооно.
  • Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч болон олон нийтэд ил тод мэдээлнэ.
  • Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, уг саналыг боловсруулахад баримталсан аргачлал, дэгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэх)-нд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.
  • Зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.12 дах хэсэг, энэ журмын 2.1-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө баталж, Олон нийтийн радио, телевизэд хүргүүлнэ.
  • Олон нийтийн радио, телевиз нь энэ журмын 2.5-т заасан сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн батлагдсан хуваарийг нийтэд мэдээлж, цахим хуудастаа байршуулна.
  • Олон нийтийн радио, телевиз нь мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.17 дах хэсэг болон энэхүү журмын 2.2-т заасан мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг баримтлах ба оролцогч, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт тодорхой илэрхийлнэ.
  • Мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх хуваарь, цагийг урьдчилан хөтөлбөрийн хуваарьт оруулсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийг бусад хөтөлбөр, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, "Мэтгэлцээн” гэсэн бичиглэлийг дэлгэцийн аль нэг буланд тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.
  • Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.
  • Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Олон нийтийн радио, телевизийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.
  • Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн төв байгууллагын албан ёсны мэдээ, мэдээлэл, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.15, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгын дагуу төлбөргүй нэвтрүүлнэ.
  • Олон Нийтийн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх болон сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 46.19-ийг баримтлах ба өөрийн редакцын бодлого, зохицуулалтын хүрээнд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасныг сахин, мөрдөж ажиллана... гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа