Засгийн газраас Ноён уул орчмыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Энэхүү үйл явдалтай холбогдуулан “Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзах хүсэлт гаргасны дагуу тус хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч уулзав.

О.Цэрэннадмид “Ноён уулаа аврах” хөдөлгөөний хамт олны зүгээс танд болон танай хамт олонд талархснаа илэрхийлж байна. Бид ноён уулыг хамгаалах гэж 11 жилийн хугацаанд маш олон өлсгөлөн зарлаж, тэмцэж,  58 шүүх хуралд оролцсон ч одоогийнх шиг баяртай мэдээ сонсож байсан удаагүй. Бидний өвөг дээдсийн бунхан болсон Ноён уулыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах бичиг баримтыг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхдээ хамгаалж, дэмжүүлсэн Н.Цэрэнбат сайд танаар ахлуулсан БОАЖЯ-ны хамт олонд манай хөдөлгөөнийхөн төдийгүй Монгол түмэн минь баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Танд болон танай хамт олны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн талархал илэрхийлээд байгаль орчинд хохирол учруулж буй үйл ажиллагаатай эвлэрэхгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.

БОАЖЯ-наас 2019-2020 онд 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг улсын тусгай хамгаалалттай болгоод байгаа билээ.

Улсын тусгай хамгаалалтад шинээр авсан газрууд: 

1.Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар

2.Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар

3.Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар

4.Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар

5.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар

6.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар

7.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар

8.Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар9.Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

10.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар

11.Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар

12.Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

13.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

14.Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар

15.Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

16.Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар

17.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар

18.Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр

19.Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр

20.Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр

21.Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр

22.Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

  1. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
  2. Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар

25.Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар

26.Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар

27.Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

28.Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

29.Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

30.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

31.Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай авчээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа