ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар болон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа нь өмнөх сонгуулиудаас онцлогтой. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг онцлоод УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.

Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлыг анхааруулж, ХЭҮК Зөвлөмж хүргүүлж байна. Уг зөвлөмжид

  1. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
  2. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
  3. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
  4. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
  5. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
  6. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэхийг онцгойлон тусгасан” гэлээ.

Үргэлжлүүлэн ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, Улсын Их хурлын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.

Мөн иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллахдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж ажиллах, аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй мэдээлэх, МСНЭ болон Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллах, цаашлаад сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн 70 гаруй байгууллагын сэтгүүлчдийг сургалтад хамруулсныг онцлоод Комиссын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Иргэний Нийгмийн Зөвлөл ажилладаг Комиссын дэргэдэх ажилладаг болохыг танилцууллаа.

Энэ удаагийн хэвлэлийн хуралд Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор нар оролцож, холбогдох мэдээлэл өгөв.

Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал Иргэний нийгмийн зөвлөл нь ХЭҮК-ын байр суурийг илэрхийлдэггүй, харин үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гээд сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрхэд халддаг асуудлаар мэдээлэл өглөө.

Иргэд, олон нийтийн дунд хэд хэдэн төрлийн ташаа мэдээлэл байна.

Тухайлбал, “Таныг хэнд саналаа өгснийг мэднэ” гэдэг зүйл. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ танд энэ төрлийн мэдээлэл өгч, таны сонгох эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол та хуулийн байгууллагад хандах эрхтэй. Дараагийн нэг асуудал нь нэг намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг бүгдийг нь сонгохгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг зүйл. Энэ бол ташаа мэдээлэл.

Түүнчлэн нийгмийн эв нэгдлийг баримталж, ажиллах нь чухал гэдгийг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид анхаарч шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Та бүхэн чөлөөтэй, хараат бусаар сонголт хийх эрхтэй. Энэ эрхээ эдлэхэд хэн ч саад учруулах эрхгүй гэв.

Үргэлжлүүлэн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр нь нийт сонгогчдын 7 орчим хувийг бүрдүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүртээмжтэй орчинг нэмэгдүүлэх нь туйлын чухал. Тухайлбал, харааны, тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй байхаас үл хамаарч санал өгөх байрны орчин нөхцөл стандарт, шаардлага хангасан байх ёстой. Нөгөөтээгүүр, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийн сурталчилгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь хүн хэдий чинээ үнэн, зөв, хүртээмжтэй мэдээлэл авна, төдий чинээ сонголтод нөлөөлдөг тул уулзалт, зөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох боломжтой эсэхийг шалгаж байхыг хүсэж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх боломжтой. Энд нэг зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Монгол Улсад зохион байгуулагдсан ээлжит болон ээлжит бус сонгуулиудад нийт 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшиж байсан. Үүнээс орон нутгийн сонгуульд тэргэнцэртэй нэг иргэн нэр дэвшиж сонгогдсон нь улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлт юм гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвсэл, сонгуулийн бүх шатны байгууллага, сонгуулийн эрх бүхий иргэдэд хандсан ХЭҮК-ын Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигчид, олон нийтэд анхааруулан, зөвлөж байна.

 Нэг. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл тул:

  1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний ийнхүү тэмдэглүүлсэн шалтгаан арилсан тохиолдолд бүртгэлийг даруй сэргээн, сонгох эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцлийг хангах;
  2. Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор хэрэгжүүлэх нөхцөлийг хангах, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломжийг бүрдүүлэх;
  3. Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах;
  4. Хяналтын тооллогын ил тод байдал хангах, үйл явцыг сонгуулийн ажиглагчид саадгүй хянах, баримтжуулах, цахим орчинд шууд мэдээлэх боломжийг бүрдүүлэх;
  5. Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг чанд мөрдөх.

 Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх

Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч бүрд бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын биелэл тул:

  1. Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд тохиромжтой байдлаар бэлтгэх, энэ талаарх стандартыг чанд мөрдөх, санал авах байрыг барилгын хоёр болон түүнээс дээш давхарт, эсхүл хонгилийн давхар (подваль)-т байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;
  2. Харааны бэрхшээлтэй иргэд санал авах байранд чөлөөтэй зорчих, саналаа нууцаар гаргах нөхцөлийг хангах, санал гаргах талаарх зааварчилгааг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;
  3. Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх техникийн тохиргоог бүрдүүлэх.

Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах

Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрчид, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион явуулах нь ардчилсан улсад ердийн үйл явц тул:

  1. Улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, ил, далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;
  2. Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхжүүлэх;
  3. Тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хамгаалж дэмжих, эсрэг шаардлага бүхий зэрэгцээ цуглааныг зохицуулах туршилт, дадлага хийж, бэлтгэл хангах;
  4. Санал авах байрны хяналтын камерийг сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд саад учруулахгүйгээр байрлуулж, шаардлагатай тохиолдолд Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайлсан зөвлөмж авах.

Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх

Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй бөгөөд энэ эрдслийг цахим технологи, хиймэл оюуны хөгжил, олон нийтийн сүлжээ хурцатгах боломжтой тул:

  1. Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүйгээр хүнлэг, шударга улс төрийн өрсөслдөөн явуулах;
  2. Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх;
  3. Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхижүүлэх, албан бус механизм (Factcheck зэрэг)-ийг дэмжих, албан болон албан бус хяналтын механизмуудын хамтын ажиллагааг сайжруулах;

 Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах

Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:

  1. Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө, эд зүйл, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох, хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх, энэ талаар олон нийтэд сурталчлах;
  2. Сонгуулийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг дээд хэмжээнд хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;

Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх

Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагууд шуурхай, баримтад үндэслэсэн шийдвэр гаргах нь үйл ойлголцол, талцал, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн нөхцөл тул:

  1. Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн тухай гомдол, маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага, шүүх шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой тайлбарлах бэлэн байдлыг хангах;
  2. Жагсаал, цуглаан тайван бус, хүчирхийллийн шинжтэй болсон буюу болзошгүй нь баримтаар тогтоогдох үед зөвхөн эрсдэлт нөхцөл байдалд зохистой хэмжээнд албадлагын арга хэмжээ хэрэглэх, жагсаал, цуглааны зарим хэсэг тайван бус болсон нь түүнийг бүхэлд нь албадан тараах үндэслэл болохгүй болохыг цагдаагийн алба хаагчдад нэг мөр таниулах, жагсаал, цуглааны үеэр авсан албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэл, үүссэн нөхцөл байдалд тохирсон эсэхийг олон нийтэд шуурхай мэдээлэх;

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс сонгуулийн үйл явцад хяналт тавьж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, холбогдох эрх бүхий байгууллага иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх, эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан, үүссэн тохиолдолд асуудлыг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцоход бэлэн болохыгоо илэрхийлж байна.  

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа