Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Нийслэл үнэт цаас арилжаалж, дараах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.

Үүнд:

  • Эрчим хүч хуримтлуурын станцын ажил
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил
  • Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтыг нэмэгдүүлэх,
  • Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхжүүлнэ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагдаад явж байна. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв. Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон төлөөлөгчдийн саналыг тусган, төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.

Мөн хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа