Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.

Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов.

Санал авах ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой “Санал авах ажиллагааны заавар” гарын авлагыг 2198 хэсгийн хороонд хүргүүлж, цахимаар удаа дараа чиглэл хүргүүлснийг хурлын эхэнд онцлов.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.

Бэлтгэл ажиллагааны хүрээнд:

  • Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг боломжит бүхий л хэлбэрээр түгээх, сонгогчдыг мэдээллээр хангах;
  • Санал авах байр, өдөр, цагийг нийтэд сайтар мэдээлэх;
  • Өөрсдийн нутаг дэвсгэр дэх хэсгийн хорооны сонгогчдын тоо, хэсгийн хорооны байршил, холбоо барих утасны жагсаалт, болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгогч иргэд болон ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхөд бэлэн болгон бэлтгэх;
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улсын 21 байгууллагын 259 ажиглагч ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Ажиглагчдыг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
  • Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж үер, усанд автах эрсдэлтэй хэсгийн хороодын байршлын судалгааг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллах;
  • Цахилгааны саатал гарч болзошгүй тул цахилгааны эх үүсвэр моторыг бэлдэх;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах тул харьяалагдах нутаг дэвсгэрээс өөр газарт очиж санал авахгүй байхыг анхаарах;
  • Тухайн хэсгийн хороонд ажиглагчаар ажиллахаар бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарын хуульд заасан эрх үүрэг, сонгуулийн санал авах өдөр хэрхэн ажиллах талаар заавар өгөх талаар хэсгийн хороодын дарга нарт чиглэл хүргүүлэх.

Санал авах байранд санал анхаарах асуудлын хүрээнд:

  •  Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх боломжоор хангах (мандат шаардахгүй, ажлын үнэмлэхээр нэвтрүүлэх);
  • Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ажиллах;
  • Хэсгийн хорооны ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, туслах ажилтан бэлдэх;
  • Санал авах байранд сонгогчдод зориулсан санал тэмдэглэл заавар, сонгогчийн үүргийн талаарх мэдээллийг байршуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт брайль хавтас, томруулсан шил, саналын хуудас гулсуулахгүй байх зорилготой ширээний хулдаасыг байршуулах;
  • Санал авах ажиллагаатай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэж буй тэмдэглэлийг тухай бүрд нь үйлдэж баталгаажуулах;
  • Хяналтын тооллого хийж байх явцад санал авах байранд ажиглалт хийх иргэдийг дарааллын дагуу оруулах.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа