Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч  Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэн явдалд Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон түүний хамт олонд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын хувьд цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр манай улсад хавдрын шинэ тохиолдлууд жилээс жилд тууштай буурахгүй байгааг онцолж, шинээр бүртгэгдсэн хавдрын тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатанд оношлогдож байгаагаас гадна хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цаашид эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах замаар аль болох олон тохиолдлыг бага зардлаар эрт илрүүлж, эмчилгээнд хамруулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ оны 10 дугаар сараас эхлэн товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2,6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай тэмдэглээд, уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үлдсэн 1,6 сая ам.долларыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа туйлын чухал болохыг онцлов.

Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын хүндэт албанд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Сайд Т.Мөнхсайханы онцлон дурдсан эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа