Сургуулийн орчинд авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх нь
Авлигатай тэмцэх соёлыг үндэстэн даяар төлөвшүүлэх нь нэг өдрийн ажил биш. Урт удаан хугацааны туршид тууштай байх шаардлагатай бөгөөд тухайн улс, үндэстний хүүхэд бүрд багаас нь төлөвшүүлэх ёстой.
Залуу, хойч үеийнхэнд боловсрол олгохоос гадна, багаас нь авлигын эсрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хамгийн тохиромжтой гэр бүлээс гаднах нийгэмшлийн орчин бол сургууль юм. Тиймээс сургуулиуд авлигын шинжтэй бүх үйлдлээс ангид байх ёстой. Гэвч зарим сургуулиудад шинээр элсэхэд авлигын шинжтэй үйлдлүүд үйлдэгддэг гэж Индонезийн Авлигатай тэмцэх хорооноос (АТХ) мэдээллээ. Сурагч шинээр элсэх үйл явц дахь авлигын шинжтэй үйлдлүүдийг АТХ-ноос гаргасан 2023 оны Боловсролын шударга байдлын үнэлгээний судалгаагаар илрүүлсэн байна. Судалгаанд сурагч, сурган хүмүүжүүлэгчид, багш нараас гадна боловсролын байгууллагын удирдлагуудыг хамруулсан. Үүнд сурагч, эцэг эхийн шударга байдал, боловсролын экосистем, боловсролын засаглал дахь авлигын эрсдэл гэсэн гурван үндсэн зүйлийг үнэлжээ.
·Судалгаанд хамрагдсан багш нарын 24.6 хувь нь хэд хэдэн сурагчийг сургуульд ямар нэгэн "бэлэг" өгсөн учраас сургуульд элсүүлсэн гэж хариулжээ.
·Судалгаанд хамрагдсан багш нарын 42.4 хувь нь сургуульд элсэх шаардлага хангаагүй хүүхдүүдийн эцэг эх нь сургуульд бэлэг өгсөн учраас элсүүлсэн гэжээ.
Тус АТХ-ноос зохион байгуулсан судалгаанд Индонези улсын олон тооны сургуулиудыг хамруулсан. Судалгаагаар ердөө хараад өнгөрөх төдий бус бүх оролцогч талууд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмжээний үр дүн гарсан. Сургуулиудын элсэлтийн алба нь харьяаллыг өөрчлөх, тус суралцагч гавьяа шагналтай гэх мэт аргаар шинэ суралцагчийн элсэлтийг баталгаажуулдаг гэж ярьдаг байсан бол одоо "хахууль"-ийн арга зам байгаа гэх яриа гарчээ. Мэдээжийн хэрэг энэ яриа нь ямар нэг шалтгаанаас үүдэлтэй тул ирээдүйд боловсролын байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ухаалаг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Сурагчид зөвхөн хичээл номоор дамжуулж мэдлэг олоод зогсохгүй сургуульд байхдаа харж, мэдэрсэн бүх зүйлсээсээ суралцаж төгсөөд нийгэмд хөл тавьдаг. Тийм учраас боловсролын салбарт авлигыг тэвчиж болохгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
Сурч боловсрох энэ үе шатанд насанд хүрсэн хүмүүсийн хариуцлагагүй, авлигад автсан зан үйлийн оронд шударга байдлын үнэт зүйлсийг сурагчдад төлөвшүүлэх ёстой. Сурагчид авлигын зан үйлд өртсөөр байвал насанд хүрсэн хойноо ч ийм зан үйлийг давтах нь гарцаагүй. Хүүхдээ шилдэг сургуульд оруулахын тулд хууль бус арга хэрэглэж байгаа сурагчдын эцэг, эхийн үйлдэл зүйд нийцэхгүй байна. Энэ нь эдгээр хүүхдүүдэд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг ашиглаж болдгийг, бурууг зөвтгөхийг үлгэрлэж байна. Хууран мэхлэх гэх мэт заримдаа өчүүхэн гэж үздэг зан чанар нь бусдад "халдварладаг" байж болох бөгөөд бусад сурагчдыг ч мөн адил зүйлд уриалдаг.
Боловсролын орчинд түгээмэл байдаг бусад авлигын шинжтэй зан үйл нь сахилга баттай холбоотойгоор буюу цагтаа ирдэггүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах зэргээр илэрдэг. Хүүхдийн зан төлөвийг төлөвшүүлэхэд хүрээлэн буй орчны үүрэг ямар чухал болохыг үүнээс тод харж болно. Авлигатай тэмцэх үнэт зүйлсийг хүүхдэд багаас нь зааж сургавал үр дүн нь бүгдэд хүртээлтэй байх болно. Гэсэн хэдий ч авлигад автсан зан үйлийг төлөвшүүлбэл ирээдүйд олон хүн хохирох болно.
Ирээдүйд улс үндэстний ноён нуруу болохоор сурч боловсорч буй хүүхдүүд, боловсролын салбарт эдгээр авлигын үр байх ёсгүй тул АТХ нь сурагчдын эцэг эх нь багш нарт хүүхдэдээ сайн дүн авахын тулд ямар нэгэн зүйл, бэлэг сэлт өгдөг үйлдэлд анхаарлаа хандуулж байна. Эдгээр төгсөгчид дундаас ирээдүйд төрийн албанд ч, хувийн хэвшилд ч ажиллах боловсон хүчин төрөн гарна.
Семаранг Их Сургуулийн (Unnes) Боловсрол, сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийн багш Эди Субхан авлигын эсрэг боловсрол, сургалт нь онолын түвшнээс бодит арга хэмжээ рүү шилжих ёстой гэв. Тэрээр “Сурган хүмүүжүүлэх арга барилаар авлигын эсрэг боловсролыг олгох нь” сэдэвт судалгаанд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бодитой арга хэмжээ авахыг уриалсан байна.
"Авлигын эсрэг боловсрол нь тодорхойлолт, хэм хэмжээ, ёс суртахууны тухай урт хугацааны хэлэлцүүлэг байх ёстой төдийгүй сурагчдыг идэвхтэй мэдээлэл хайж, арга хэмжээ боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах, эргэцүүлэн бодоход уриалах ёстой" гэж Субхан тайлбарлав. Ингэснээр авлигын эсрэг боловсролд өөрчлөлт орж, өөрчлөгдөнө. Эдгээр сурган хүмүүжүүлэх чухал зарчмуудыг хэрэгжүүлснээр сурагчид авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар бодитой туршлага хуримтлуулж, авлигыг үл тэвчихэд суралцана.
АТХ ганцаар авлигыг устгаж чадахгүй гэдгээ тууштай илэрхийлж, авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд нийгмийн бүх гишүүд нэгдэн ажиллахыг уриалж ирсэн. Өнөөдөр бидний боловсролын ертөнцөд тарьж буй авлигын эсрэг боловсролын үр шимийг ирээдүй хойч үе хураах болно гэж Индонезийн АТХ мэдэгджээ.
Эх сурвалж: https://en.antaranews.com
Сэтгэгдэл