- Сэтгүүлч
- 2024/07/24
- 121
Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Түүнээс хойш дээрх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүй.
Өмнө нь дээрх авто замд нөхөөс хийх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байжээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас дээрх 15.7 км авто замыг ирэх намар бүрэн засварлаж, шинэчлэхээр болсон байна. Тодруулбал нийслэлийн бондын хөрөнгөөр дээрх 15.7 км авто замыг шинэчлэхээр болжээ. Авто замын засварын зураг төслийн ажил бүрэн хийгдэж дууссан байна.
Авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан өнөөдөр дээрх байршилд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр ажиллалаа. Тэрбээр “Авто замын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлагдсан. Гүйцэтгэгч байгууллага шалгарсан тохиолдолд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх тооцоо гараад байгаа” гэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Г.Хуягбаатар: “Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо зуслангийн бүсэд хамаарагддаг байсан бол орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор дээрх бүс шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс дээрх авто замын шинэчлэлтийн ажлыг ирэх намар гүйцэтгэхээр болсонд таатай байна” гэв.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ онд нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр орбитын авто зам буюу цэргийн хотхоноос тахилтын уулзвар хүртэлх 2.4 км авто замыг шинэчилсэн. Энэ ажлыг үргэлжлэл болгож дээрх авто замын шинэчлэлтийн ажлыг хийж байгаа болохыг холбогдох албаны хүмүүс тодотголоо.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл