Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Боловсролын газар хооронд 2006 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой хамтарч ажиллаж байна.

Санамж бичгийн хүрээнд багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч, хүмүүжих сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, суралцагчид мэдээлэл зүйн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог анги танхимыг байгуулж, багш нарын заах арга зүй болон мэдээллийн технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос хойш Сөүл хотын Боловсролын газраас хэрэгжүүлж буй KLIC төсөлд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл технологийн 212 багшийг тухайн улсад, зайн сургалтаар 102, нийт 314 багшийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаад байна.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 2006-2024 онд компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг самбар, хромбүүк зэрэг нийт 2877 техник тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурь баазыг нэмэгдүүлээд байна. Өнгөрсөн хичээлийн жилд 8 байгууллагад 125 суурин компьютер, 16 байгууллагад 320 хромбүүкийг хүлээлгэн өгсөн.

Сөүл хотын Боловсролын газраас 2 жил тутам компьютерын ашиглалт, мэргэжил дээшлүүлэн суралцсан багш нартай харилцан туршлага солилцон мониторинг хийж ажилладаг. Энэ жилийн тухайд Сөүл хотын Боловсролын газрын Боловсролын бодлогын газрын дарга Жу Со Ён тэргүүтэй мэргэжилтэн, багш нар ирж ажиллаж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дээрх төлөөллийг хүлээн авч уулзан цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагааг танилцууллаа гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа