Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо.

Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй бөгөөд тоог нь цөөлөх бус чанарт чиглэсэн бодлого баримтална гэдгийг Боловсролын сайд онцлов. Мөн төрийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тул тулгамдсан асуудлуудаарх санал хүсэлтийг нь тал талын оролцоотой хэлэлцэж, бодлого шийдвэртээ тусгах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд төрийн зүгээс их, дээд сургуулийг өмчийн хэлбэрээр ялгалгүйгээр адил тэгш авч үзэх, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх замаар эрэмбийг тогтоох, зах зээлийн зарчмаар өрсөлдөөнийг бий болгох байдлаар дээд боловсролыг чанаржуулах, бодлого шийдвэр боловсруулахад хувийн их, дээд сургуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох асуудалд санал нийлж, Сайдын зөвлөлд хувийн их, дээд сургуулийн төлөөллийг оруулна хэмээлээ. Мөн оюутан, багш, өмчийн хэлбэрээс үл хамааран их, дээд сургууль хөгжих ёстойг хэлэв.

Монгол Улсад төрийн бус өмчийн 22 их, 24 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа