Дугаарын хязгаарлалтын асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулна
“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2024 оны есдүгээр сарын 02-ны өдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа.
Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “ Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, дотоодын дээд хэмжээний айлчлалууд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэдээс дугаарын хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо. Хэрэв иргэдийн олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Мөн УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын алба хаагчид нэгдсэн ажилчдын автобусаар зорчино” гэв.
Нийслэлээс энэ долоо хоногт багтаж олон нийтээс санал асуулга авч, дугаарын хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг гаргана. Иргэд www.ulaanbaatar.mn цахим сайтаар саналаа өгнө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл энэ жил замын сангийн 77 тэрбум төгрөгөөр авто замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Дээрх ажил өнгөрсөн зургаадугаар сард хийгдэж дууссан. Одоо хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлийн ажил нь бондын 270 тэрбум төгрөгөөр хийгдэж буй ажил. Бид замын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоног хийж дуусгаж байгаа. Энэ жил Улаанбаатар хотын нийт авто замын 70 орчим хувийг засварлаж, шинэчилхээр төлөвлөж байна. Ирэх жил бид гэр хорооллын дундах авто зам болон явган хүний замыг засварлаж, шинэчлэхээр төлөвлөж байна” гэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл