Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаарсолилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болголоо.
Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44,1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662,3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574,2 сая төгрөг, дундаж зардал 41,0 сая төгрөг болсон байна.
Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг байна.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрдцаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл