Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов.
Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ургацын талбай болон агуулах хадгалалтын орчин нөхцөлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүс танилцсан юм. Тэд үйлдвэрлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсч шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдгээ хэлсэн.
Өдөрлөгт оролцогч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд анхаарч өгөхийг хүслээ.
“Майнд Тэч” компанийнхан энэ өдөрлөгт эх орны хөрсөнд ургуулсан рапс тос, тэжээлийн бүтээгдэхүүнээр оролцсон. Тус компанийн зүгээс рапсаас гаргаж авсан тэжээлийн шимт байдал нь өндөр байгааг хэлж байв. Тиймээс рапс тариалалтын талаар тариаланч болоод иргэдэд зөв ойлголт өгч, бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг учирлалаа.
Энэ үеэр Сэлэнгэ аймагт өсгөн үржүүлж байгаа мах, сүүний чиглэлийн зарим үүлдрийн үхэр, хонины аж ахуйг үзэж сонирхлоо. Тариаланчдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэйг хэлж байв. Ингэхгүй бол тариалангийн талбайд бэлчээрийн мал талхлах үзэгдэл гарч байгааг учирлаж байв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт Дархан Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгохоор тусгасан. Иймд шаардлагатай бүх арга хэмжээг үе шаттай авч ажиллахаа З.Мэндсайхан сайд хэллээ. Харин тариалан эрхлэгчид хөрс хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг мөн хэлсэн юм. Өдөрлөгийн төгсгөлд З.Мэндсайхан сайд газар тариалангийн салбарынхантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл