Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөгжлийн чухал хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэн, уул уурхайн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт судалгааны ажлыг дэмжин, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн статус, үйл ажиллагаанд оруусан үнэтэй хувь нэмрийг үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгосныг энэ сарын 18-ны өдөр гардууллаа.

     Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Хүндэт доктор цол нь ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал юм. Олон улс болоод Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд ШУТИС-ийн хүндэт доктор цол олгодог уламжлалтай. 

     Хүндэт доктор цол олгох талаар Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд ирсэн саналыг нягталсны үндсэн дээр Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцэн, ил санал хураалтаар шийдвэр гаргадаг байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан, ШУТИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зэрэг шаардлагуудыг үндэслэн Хүндэт доктор цол олгодог юм. 

     Өнөөдөр, Хүндэт доктор цол олгох шийдвэрийг Эрдмийн ба Хүндэт цолны дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Н.Ганзориг танилцуулж, Хүндэт докторт өмсгөл, медаль, диплом гардуулан өглөө. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-ын Хүндэт доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, академич П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар баяр хүргэж үг хэлсэн. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон хүндэт зочдод хандан шинэхэн “Хүндэт доктор” талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.   

Э.Мөнх-Уянга
Фото: Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа