Энэ онд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.

“Чингис хаан” үндэсний музейд арван нэгдүгээр сарын 04-ний өдөр болох тус чуулганы үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэж, “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулах юм.  

Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт гурав дахь удаагийн чуулганаараа 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.

Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хуралд сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцох аж. 

“Эмэгтэй парламентчдын чуулган”-ыг 2022, 2023 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран  зохион байгуулж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа