Удирдах хорооны хурал болов
“Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал 5 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудад талархал илэрхийлээд, Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга хэмжээнүүд Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь НҮБ-ын хөгжлийн системийг шинэчлэх шаардлагыг бий болгосон ба НҮБ-ын зүгээс шинэ үеийн хариуцлагатай, үр дүнтэй орны багийг бүрдүүлэх замаар гишүүн орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буйг тэмдэглэсэн.
Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2019 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.
“НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсан 3 үндсэн чиглэлээр өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг гол салбарын стратегийг боловсруулж гаргах зэрэгт бодит дэмжлэг үзүүлж нийт 109 үйл ажиллагааг 66,49 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, “Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих” зорилтын чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны дүнд баруун бүсийн аймгууд бодит үнэлгээнд тулгуурласан экосистемийн үйлчилгээ бүхий орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 5,7 сая га газар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх жишиг төслүүдийг хэрэгжүүлснээр 2019 онд хүлэмжийн хийн ялгарал 5220 тонноор буурсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерешийн санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Тотвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын тусламжийн хүрээг Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ болгон өргөжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа ба энэ удаагийн хурлаар шилжилтийн замын зураглалыг танилцуулж, гишүүд санал солилцов.
НҮБ-аас одоо хийж буй COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн дүн шинжилгээ нь Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход суурь үнэлгээ болох юм.
Сэтгэгдэл