Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.09.28/ Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.

Соёл, урлагийн газрууд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн буусантай холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж, бэлтгэл сургуулилт, үзвэр үйлчилгээгээ жигдрүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг Соёл, урлагийн салбарт оруулж, бодлогоор удирдан чиглүүлэх Соёлын яамыг байгуулаад байна. Тус салбарт 2019-2020 онд нийт 144,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан.

Одоогоор биетээр хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас “Чингис хаан” музей, “Төв номын сан”-ийн барилга угсралтын ажлууд 75-80 хувийн гүйцэтгэлтэй, арван хоёрдугаар сард бүрэн дуусах аж.  Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн театрын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг 2021 оны гуравдугаар сард дуусгаж дөрөвдүгээр сард барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Байгууллага тус бүрт тулгамдсан асуудлууд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал Монголын Уран зургийн галерейд хадгалагдаж байсан 900 бүтээл гал түймэрт өртсөнийг 500 гаруйг гадаад улс орнуудын дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварласан бол үлдсэн 400 орчим бүтээл, их тэнгэр цогцолборт хадгалагдаж буй 50 гаруй уран зургийг тус тус нэн яаралтай сэргээн засварлаж нийтэд дэлгэн үзүүлэх хүсэлтэйг судалж танилцуулж, шийдвэрлэхийг Их тэнгэр цогцолборыг хариуцсан албан тушаалтанд үүрэг болгов. Мөн шинээр нэвтрүүлээд буй Урлагийн сэтгэл заслын танхимын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэх, ажилтнуудын тоог нэмэгдүүлэх түүнд шаардагдах цалингийн санг нэмэх зэрэгт нийт 2 тэрбум гаруй төсвийн дэмжлэгийн хүсэлтийг Уран зургийн галерейн удирдлага гаргалаа.

Улсын филармонийн симфони, оркестрын хөгжим, хэрэгсэл, Морин хуурын чуулгын морин хуур, ятга, цохилуурт хөгжмийг шинэчлэх, уран бүтээлчдийн бэлтгэлийн танхим, хувцасны өрөөг засварлах гээд нийт хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа талаар Филармонийн удирдлага танилцуулсан. Уг шаардлагатай төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санхүүжилтийг олгохоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэв. 2021 онд Монгол Улсын филармони байгуулагдсны 50 жилийн ой тохиож байна.

Хүүхэлдэйн театрын хувьд 30 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагагаа үргэлжүүлж байна. Үүнээс 11 нь л мэргэжлийн жүжигчдийн орон тоо бөгөөд хүүхдэд зориулсан томоохон уран бүтээл тавихад учир дутагдалтай бөгөөд орон тоо төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага буйг театрын удирдлага учирласан. Улсын драмын эрдмийн театрын барилгын урд жигүүрт байрлаж байгаа бөгөөд байр танхимын хүрэлцээ бага нь чанар хүртээмжийг бууруулдаг аж. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд театрын байрыг өргөжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэв.

Дүрслэх Урлагийн музей мөн нийт үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 90 хувь нь хадгалалтад байна. Үзмэрүүдийг хадгалах байр савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Дүрслэх урлагийн музей “баяжуулсан бодит байдал AR/Augmented Reality technology/” төсөл хэрэгжүүлж, хосгүй үнэт үзмэрүүдийг дижитал хэлбэрээр бодит мэт орон зайн хэмжээстэй үзэх боломжийг үзэгчдэд олгожээ.

Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үед Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзаж, дараах гомдол хүсэлтийг гаргалаа. Энэ нь Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа явдал аж. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг НЗДТГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Энэ дагуу холбогдох шийдэл гартал тус 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг НЗД-ын захирамжийн дагуу түр зогсоох шийдвэрийг тэр даруй гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон зарим УИХ-ын гишүүд урлаг соёлын газруудад ажилласныхаа дараа шинээр эмхлэн байгуулагдаад буй Соёлын яамны ажилтан албан хаагчидтай уулзлаа. Албан хаагчид, уран бүтээлчдийн төлөөлөл урлаг, соёлын салбарыг хариуцсан яамыг бие даалган байгуулсан нь оновчтой шийдэл болсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь бүх төрлийн үйл ажиллагаанд мэдрэгдэж, дэмжлэг болж байгааг хэлж байв.

Соёлын сайд С.Чулуун үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд дараах 10 үүрэг даалгаврыг чиглэл болгов.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна. Түүний нэг илрэл нь бодлогоор хөгжүүлэх Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулж буй явдал. Байгуулах нэг хэрэг, одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал. Иймд дараах зорилтуудыг чухалчлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна гэв.

-       Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах

-       Цахим соёлын санг бүрдүүлэх

-       Үндэсний контентуудыг бэлдэх

-       Үндэсний агуулгатай инноваци шингэсэн бүтээл туурвих

-       Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах

-       Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх

-       Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах

-       Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жулчлалын бренд бүтээгдэхүүн бий болгох

-       Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа