- Сэтгүүлч
- 2025/05/09
- 201
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 97 барилга байгууламжид хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 97 барилга байгууламжид 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж эхэллээ. Төлөвлөгөөт шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.

Энэ хүрээнд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг онцгойлон шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, гүйцэтгэлд хяналт хийх юм.

Хяналт шалгалтын талаар ХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй. Тэр хэрээр эрсдэлүүд гарч байна. Тухайлбал, барилга байгууламж ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Иймд угсралтын явцад хяналт шалгалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн 97 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалтыг хийж байна” гэлээ. Ташрамд, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байгаа аж.
Санал болгох
-
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна...
-
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шал...


Сэтгэгдэл