- Сэтгүүлч
- 2020/10/12
- 677
Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүд Авлигын эсрэг, Инновацийг дэмжих, Ардын эрүүл мэндийг хамгаалах, Уул уурхайн салбарыг дэмжих, Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, Байгаль орчныг хамгаалах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын бүлгэм байгуулж идэвх санаачилгатай ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Энэ удаагийн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Цаасгүй цахим Парламент болох ажил бодитоор хэрэгжиж байна. Удахгүй иргэд төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно. Хүнээс эсвэл ТҮЦ машинаас лавлагаа авдаг байдал үгүй болж гар утаснаасаа хүссэн лавлагаагаа авах боломж бүрдэж байна гэлээ.
Мөн УИХ-ын дарга халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох зорилт, бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “хуулийн реформ” хийх зэрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа Баянзүрхчүүдэд танилцуулсан юм.
Баянзүрх дүүргийн иргэд дүүрэг, орон нутагт улс төржилт их байгаа талаар, архидалтын асуудал, дахин төлөвлөлт зэргийг хөндөж саналаа хэлж байлаа. УИХ-ын дарга хуулийн хэрэгжилтийг анхаарч, хяналт шалгалтыг сайжруулна гэлээ. Мөн архидалтын гол хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байх учиргүй. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэм үүнд санаачилгатай ажиллаж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг боловсруулж байгаа тухай хэллээ.
Уулзалтад УИХ-ын Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар оролцож, өөрсдийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил, бодлого, зорилго, гишүүний үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
-
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон х...
Сэтгэгдэл