Эрдмийн овооны эзэд “Эрдэнэт Дээд өргөмжлөл” хүртэв
Өнөөдөр /2020.10.10/ Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор “ дээд сургуулийн 45 жилийн ойн баярын хурал үйлдвэрийн дэргэдэх Соёл, урлагийн цогцолборт боллоо. Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут , "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, “Монгол 21” сангийн тэргүүн, доктор Д.Туяа, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/542 тоот тушаалаар “Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шилдэг инженер техникийн ажилтнууд бэлтгэж улс, эх орон үйлдвэрийн газрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль, мөнгөн шагнал олгов. Энэхүү үйлдвэрийн газрын нэрэмжит дээд өргөмжлөлийг бүтцийн, нэгжүүдээс анх удаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хүртлээ. Түүнчлэн “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Манай үйлдвэрийн дэргэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг “ Эрдэнэт цогцолбор” сургууль болгон өргөжүүлсэн. Энэ сургууль ахлах ангиас мэргэжлийн болон коллежийн, бакалаврын, ахиулсан түвшний сургалтыг цогц байдлаар явуулдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахын тулд боловсон хүчнийг урьдчилан бүрдүүлсэн зөв туршлага, зөв ажил байдаг. Энэ ажил өнөөдөр ч үр өгөөжөө өгч байна. Тухайн үед, Монгол төрийн бодлогоор үйлдвэр баригдахаас өмнө боловсон хүчнийг урьдчилан бэлтгэж ирсэн нь маш зөв шийдвэр байсан. Баярын энэ өдөр хоёр зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Эрдэнэт үйлдвэрт олон үнэт зүйл бий. Үүний дотор Эрдэнэт үйлдвэр оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах, үндэс болсон хүдрийн, эрдэс баялгийн нөөц гэж бий. Энэ хүдрийн нөөц олон тэрбум тонноор хэмжигдэнэ. Хүдэр дэх зэсийн агуулга олон сая тонноор хэмжигдэнэ. Үүнийг доллар, төгрөгөөр үнэлбэл маш том тоо гарна. Энэ нь үнэтэй том баялаг. Хоёр дахь баялаг нь хүний нөөц буюу боловсон хүчний баялаг юм. Боловсон хүчний нөөц баялгийг төгрөг, доллараар хэмжих боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэлж баршгүй баялаг. Ийм баялаг бүтээж буй нэг эх үүсвэр ундарга нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль юм” гэж онцлов. Тус сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас одон”-оор Хангамж аж ахуй, үйлчилгээний хэсгийн мастер Б.Хишигдарь, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Ч.Лхагвасүрэн, ахлах багш Б.Мөнхцэцэг нар шагнагдлаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал “Иргэний төлөө” медалиар Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Н.Сэлэнгэ энгэрээ мялаав. Мөн Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Механикийн тэнхимийн ахлах багш Б.Пүрэвдорж, Боловсрол Шинжлэх ухааны Яамны Жуух бичгээр Сургалтын албаны мэргэжилтэн Э.Болорчимэг, С.Эрдэнэчимэг, Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн нар шагнагдсан бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор профессор, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн С.Даваанямд ШУТИС-ийн дээд шагнал “Хүндэт өргөмжлөл” гардууллаа. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
Мастер Б.ХИШИГДАРЬ: Юун түрүүнд нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, үйлдвэрийнхээ инженер техникийн ажилчид, оюутан, сурагчдадаа баярын мэнд хүргэе. Сургуулийнхаа 45 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнагдсандаа баяртай байна. Миний бие 34 дэх жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ хугацаанд боловсролын байгууллагад дагнан ажилласан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхаа Хангамж үйлчилгээ, аж ахуйн хэсэгт мастераар ажиллахын зэрэгцээ оюутан, сурагчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангах, сурган хүмүүжүүлэх ажил эрхэлдэг. Иймээс үйлдвэрийнхээ нийт ажиллагсдад, үе үеийн төгсөгч оюутнууддаа сургуулийнхаа түүхт ойн баярын мэндийг хүргэе.
Доктор С.ДАВААНЯМ: ШУТИС-ийн нэрэмжит энэ шагналыг анх удаа Эрдэнэт хотын иргэдээс хүртсэндээ баяртай байна. “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг Монголчууд нээсэн. Нэрийг нь хүртэл “Эрдэнэтийн-Овоо” гээд өгсөн нь ч учиртай. Энэ овооны хүдрийг баялаг болгоход юм мэддэг, чаддаг хүний хөдөлмөр чухал байдаг. Өөрөөр хэлбэл мэдлэг, чадвар, хандлагын нэгдлийг чадамж гэж нэрлэдэг. Тэгэхээр ийм чадамжтай хүмүүс Эрдэнэтийг хөгжүүлэх үүрэгтэй. Түүх сөхвөл энэ сургууль анх Сургалтын төв нэртэй байгуулагдсан. Дээр нь Боловсон хүчний уурхай гээд Оросоор биччихсэн байлаа. Үнэхээр уурхай юм. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүмүүсийн 80 орчим хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон инженер техникийн ажиллагчдын 80-90 хувьд нь манай төгсөгчид ажиллаж ирсэн. Орхон аймгийн Засаг дарга энэ сургуулийн төгсөгч байсан. Одоо УИХ-ын гишүүн боллоо. Баян-Өндөр сумын засаг дарга манай сургуулийг төгссөн. Энэ бүхэн бодит жишээ. Тэгэхээр энэ сургуульд маш их ирээдүй бий. “Эрдэнэт цогцолбор” сургууль сайн аавтай. Тэр нь Эрдэнэт үйлдвэр. Сайн ээжтэй. Тэр нь ШУТИС юм. Сайн хүний нэрэмжит. Энэ нь Шагдарын Отгонбилэг агсан. Тэгэхээр энэ сургууль Эрдэнэт хот, үйлдвэрийн хөгжлийг тодорхойлно. Эрдэнэтийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг, хөгжүүлдэг газар нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль байх болно. Эрдэнэтийн овооны баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Дуусдаггүй нөөцийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль бүтээж байна. Сургуулийнхаа үе үеийн удирдлагууд, багш ажилчид, төгсөгчдөдөө чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе. “Эрдэнэтийн-Овоо”-ны дэргэд, Эрдмийн овоо сүндэрлэх болтугай.
Ийнхүү зочид, төлөөлөгчид “Бидний бахархал” сэдэвт хүндэтгэлийн тоглолт үзэж, дурсгалын зураг татуулснаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баярын хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС
Сэтгэгдэл