Олон нийтийн радио, телевизийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна” гэж заасан.

Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байх бөгөөд ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг гишүүнээр томилох хуулийн зохицуулалттай.

Монгол Улсын Их Хурал нь олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн гишүүнд долоон хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон долоон гишүүний гуравынх нь бүрэн эрхийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.

Олон нийтийн радио, телевизийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох төрийн бус байгууллагууд “…эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд” санал болгох хуулийн зохицуулалттай юм.

Мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэсний дагуу Улсын Их Хуралд холбогдох төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналаас сонголт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шаардлага гарсан байна.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.8 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, зөвлөлийн гишүүнээр томилохоор тус тус заасан тул Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналаас сонгон шалгаруулалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулан байгуулж, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Г.Уянгахишиг, Ч.Лодойсамбуу нар бүрэлдэхүүнд нь ажиллахаар тогтлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа