Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба:

-       геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх

-       ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх

-       геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах

-       ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөн бүртгэх чиглэлээр ажилладаг тухай албаны дарга О.Чулуун танилцуулав.

Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх нь Үндэсний геологийн албаны өмнө тулгамдаж байгаа асуудал юм байна. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болголоо.

Ашигт малтмал, газрын тосны газар. 2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа. Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна.

2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын  ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага хэлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яаманд гарсан “Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г үзсэний дараа яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Тэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой  салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Цаашид:

-       Эрх зүйн орчны шинэчлэл хийж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан, хуулийн төсөл  боловсруулах

-       Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дамжуулах хоолойн техникийн даалгавар боловсруулж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

-       Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх зэрэгтэй холбоотой ажлаа бүрэн цахимжуулах

-       Говийн бүсэд хэрэгжих нүүрс, зэс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслийн усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд газрын доорх усаар хангах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

-       Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох

-       Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын гэрээг дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргийг үүрэг болгов. Мөн зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг төрийн албан хаагч нарт чиглэл болгов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа