“World Naadam Center” төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна
Монголчуудын соёлын өв, уламжлал, бахархал болсон Монгол наадмыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэн таниулах, зохион байгуулалтыг өөр түвшинд гаргах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор улирлын онцлогт тохирсон, олон нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн, үзэгч, сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн тав тухыг хангасан, үйлчилгээний шинэ соёл бүхий олон улсын болон үндэсний стандарт шаардлага хангасан шинэ цэнгэлдэх хүрээлэн “World Naadam Center”-г байгуулах төслийн концепц болон загвар зургийн шийдлийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү уралдааныг зарлаж байна.
Тус уралдаанд гадаад, дотоодын зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбооноос ирүүлсэн материалыг 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх болоомжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой ирүүлэх бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага /гадаад болон дотоодын/, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбоод хамрагдах юм.
Материалд тавигдах үндсэн шаардлага:
– Монгол үндэстний хэв шинж агуулсан гэр хэлбэртэй байх бөгөөд үндэсний онцлог, бэлгэдлийг агуулсан байх;
– Олон улсын болон үндэсний стандартын дагуу дотоод, гадаад орчин нь олон нийтийн аюулгүй байдал, тав тух, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх;
– 12,000-18,000 үзэгчийн суудалтай, үзэгчдийн суудлын төлөвлөлт нь талбай дээр болон агаарын орон зайд болж буй ямар ч үзүүлбэрийг бүтэн харж чадахуйцаар төлөвлөх;
– Үзэгчдийн тав тухыг хангах нэвтрэх систем, ариун цэврийн өрөө, хувцасны өлгүүр, автомашин, мотоцикл, унадаг дугуй, нисдэг тэрэгний зогсоол, амралт, хоол, уух зүйлээр үйлчлэх үйлчилгээний хэсгүүд болон бусад шаардлагатай өрөө тасалгааг төлөвлөсөн байх;
– Барилга байгууламжийн шаардлагатай хэсгүүдийг универсал дизайны зарчмаар тусгай хэрэгцээт хүмүүс, бага насны хүүхэдтэй хүмүүс, өндөр настай хүмүүст зориулан зайлшгүй төлөвлөсөн байх;
– Цогцолборын гол хэсгийг монгол гэрийн өрх маягаар онгорхой байхаар төлөвлөж болох бөгөөд ийнхүү төлөвлөсөн тохиолдолд цаг агаарын нөхцөлөөс хамаарч нээж, хаах боломжтой байдлаар төлөвлөх;
– Барилгын боломжит тодорхой хэсгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дээд хэмжээнд ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдалгүй, халаалт агаар сэлгэлтийн хамгийн орчин үеийн төлөвлөлттэй байх;
– Дотоод, гадаадын жуулчдад зориулж дээврийн хэсэгт гадна орчны байдлыг 360 градус харж болохуйц хэсэгтэй байхаар төлөвлөх;
– Концепц зураг нь барилга бүтээцийн хувьд хийх боломжтой байх бөгөөд барилгын бусад хийц, материал төлөвлөлтийн хувьд эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай байх;
– Монгол үндэстний бахархал тэмүүллийн бэлгэдэл болохуйц барилга, архитектурын өвөрмөц, шинэлэг шийдэлтэй байх.
Сэтгэгдэл