Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүрээнд Непал Улсын Хүчний нөөцийн 1 дүгээр батальон (NEPFRB-1)-оос Монгол Улсаас тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн багийн төлөөллийг хүндэтгсэн нөхөрсөг уулзалт, “Happy Hour with Mongolian Peacekeepers” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Жуба хот дахь UN House-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Непалын батальоны бие бүрэлдэхүүн санаачлан Монголын энхийг сахиулагчдыг хүндэт зочноор урьсан нь UNMISS ажиллагааны хүрээнд олон үндэстний энхийг сахиулагчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын энхийг сахиулагчдын соёлын хүндлэл, энхийг сахиулагчдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын түвшинд тодотгон харуулсан үйл явдал болсон юм.

Энэ үеэр Непалын батальоны захирагч уригдан ирсэн зочид болон Монголын энхийг сахиулагчдад энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, халуун талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Хоролсүрэн үг хэлж, Непалын Хүчний нөөцийн батальоны хамгийн шилдэг ахлагчийг дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.

Соёлын хөтөлбөрийн үеэр Непалын цэргийн алба хаагчид Монголын “Амар байна уу” дууны аянд Монгол бүжиг бүжиглэж мэндчилсэн нь онцлог бөгөөд содон байж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штабын алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа