- Сэтгүүлч
- 2026/01/26
- 295
Тэмээний наадамд 16 аймгаас 1000 гаруй хүн оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдлаа.
Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, 23 элчин сайд, төлөөлөгч, өвлийн их наадамд Монголын Тэмээн поло, спорт уралдааны аяллын холбоо, Тэмээн соёл уралдааны холбооны төлөөлөл оролцов. Мөн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, ЗХЖШ-ын Үлгэр жишээ найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын дуучид, хөөмийчид, Говийн бүсийн аймгуудын театр, чуулгын уран бүтээлчид болон Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс толилуулсан юм.

Өвлийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар үг хэлж, оролцогчдод баяр хүргэлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-ийг “Монгол тэмээний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тунхаглан зарлав.

Тэмээний наадамд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Төв, Орхон, Дархан, Булган, Ховд, Увс зэрэг 16 аймгаас 1000 гаруй хүн, 700 орчим тэмээтэй оролцож байна.

Энэ жилийн наадам нь Монгол уламжлал, соёлыг хамгаалан хадгалах, тэмээний аж ахуйг сурталчлан хөгжүүлэх, өв уламжлалт соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулж буйгаараа онцлог юм. Ийнхүү Монголын ард түмний өв соёлын нэгэн чухал уламжлал болон төлөвшиж байна.
Санал болгох
-
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь...
-
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тө...


Сэтгэгдэл