Монгол Улс, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марк Десомбрэ нар тус тус тэргүүлэв. Уулзалтад мөн ЭЗХЯ, БХЯ, АҮЭБЯ, ЦХИХХЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын “стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэв. Түүнчлэн шууд нислэг нээх бэлтгэлийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорац-ын Усны компакт гэрээ товлосон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай хэрэгжиж дуусаж буйг талууд онцлон тэмдэглэж, цаашид ийм төрлийн хамтын ажиллагааг бусад салбарт үргэлжлүүлэх боломжийг хэлэлцсэн байна.

Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа