“AerCap” компанийн захирал Аэнгус Келлиг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дэлхийн агаарын хөлгийн түрээсийн салбарт тэргүүлэгч “AerCap” компанийн гүйцэтгэх захирал Аэнгус Келлийг (2026.04.22) хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд дэлхийн агаарын тээврийн салбарын чиг хандлага, агаарын хөлгийн түрээсийн зах зээлийн төлөв, агаарын хөлгийн шинэ технологи, үйлдвэрлэлийн шийдэл, Монголын зах зээлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
“AerCap” нь Ирланд улсын Дублин хотод төвтэй, агаарын хөлгийн түрээс, санхүүжилтийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд одоогоор 80 гаруй улсын 300 орчим агаарын тээврийн компанитай хамтран ажилладаг, мянга гаруй агаарын хөлөг болон холбогдох техник хэрэгслийг эзэмшиж, удирддаг компани юм.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан ноён Аэнгус Келлийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-тай хэрэгжүүлж буй төслүүд нь харилцан итгэлцэл, урт хугацааны түншлэлийн бодит жишээ болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрээр “Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт сорилт төдийгүй шинэ боломжуудыг бий болгож байна. Түлшний үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний саатал, агаарын хөлгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлууд нь салбарын тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн ч үүний зэрэгцээ олон улсын аялал жуулчлал сэргэж, зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт болж байгааг онцоллоо.
Монгол Улс Ази, Европыг холбосон газарзүйн онцлог, давуу байрлалдаа тулгуурлан агаарын тээврийн зангилаа төв болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдаад, энэ хүрээнд салбарын хөгжлийг дэмжих, агаарын тээвэрлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн агаарын тээврийн салбарыг либеральчлах бодлогын хүрээнд Монгол Улс 50 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 200 гаруй хот руу шууд нислэг үйлдэж байгааг онцлон тэмдэглэлээ.
”AerCap” компани нь “Airbus” болон “Boeing”-ийн өргөн болон нарийн биет агаарын хөлгүүдийг түрээслэн нийлүүлдэг бөгөөд үүнд “A320”, “B737” зэрэг богино, дунд зайн, мөн “A330”, “A350”, “B787” зэрэг алсын зайн өргөн биет онгоцнууд багтдаг юм байна.
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь “AerCap” компанитай байгуулсан урт хугацааны түрээсийн гэрээний хүрээнд “Boeing 787-9” Dreamliner агаарын хөлгийг ашиглаж байгаа нь алсын зайн нислэгийн чадавхыг нэмэгдүүлж, Европ болон бусад холын чиглэлд нислэг үйлдэх, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг олгоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо
“AerCap” компанийн гүйцэтгэх захирал Аэнгус Келли “Монгол Улсын Зам, тээврийн сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Манай компанийн түрээсийн үйлчилгээ 20-30 жилээр, урт хугацаанд хэрэгждэг тул бид түншүүдтэйгээ тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахыг зорьдог” гэлээ.
Мөн тэрээр өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэгчдийн түүхий эдийн нийлүүлэлтээс үүдэн өргөн биет агаарын хөлгийн нийлүүлэлт хомсдож байгааг дурдаад, түншлэгч улс орнууд ийм төрлийн онгоц захиалах бол 1.5-2 жилийн өмнө урьдчилан захиалга хийх шаардлагатайг энэ үеэр онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд “AerCap” компани нь цаашид агаарын тээврийн салбарт хуримтлуулсан туршлага, түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр Монгол Улстай, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-тай урт хугацаанд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл