Иргэний Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.04.23) Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж, салбар бүрт бодит үр дүн гарч байгааг онцолсон бөгөөд цаашид зам, тээврийн салбарт, тэр дундаа иргэний нисэхийн чиглэлд хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Франц улсын Элчин сайд Коринн Пэрераг ЗТЯ-нд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагаа иргэний нисэхийн салбарт, агаарын навигацийн дэд бүтцийг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын техник, технологийг шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлд өргөжин хөгжиж буйг онцоллоо.

Мөн тэрээр “Миний бие 2026 оны хоёрдугаар сард Франц Улсад ажлын айлчлал хийж, Тээврийн сайд Филипп Табароттой уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлсэн. Мөн Францын Иргэний нисэхийн ерөнхий газар, “BPI France”, Францын Үндэсний иргэний нисэхийн их сургууль, “Thales” Group, “Airbus” зэрэг байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжуудыг хэлэлцсэн, чухал айлчлал болсон” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ЗТЯ-наас иргэний нисэхийн чадавхийг бэхжүүлэх, агаарын зай дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулах хүрээнд бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Thale”s Group хооронд систем, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ, мөн Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Францын "BPI France" банк хооронд санхүүжилтийн гэрээ байгуулсныг танилцууллаа.

Энэхүү “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах” төсөл нь зам, тээврийн салбарт өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдтэй харьцуулахад, иргэний нисэхийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, боловсон хүчний сургалт, санхүүжилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, агаарын тээврийн хөгжлийг ахиулахад онцгой хувь нэмэр оруулах чухал төсөл болохыг сайд онцлон тэмдэглэлээ. Иймд төслийн дараагийн шатны ажлуудыг эрчимжүүлэх, мөн хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа, стратегийн ач холбогдол бүхий чухал төслүүдийг бодит ажил хэрэг болгоход Франц улсын Элчин сайдыг дэмжиж ажиллах хүсэлтийг илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа