МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Bloomberg TV-ийн “Бизнесийн хэмнэл” хөтөлбөрт  ярилцлага өгснийг хүргэж байна.

-Агаарын тээврийн салбар ковидын хүндрэлийг давж, сүүлийн 2-3 жилийг харьцангуй өөдрөг үзүүлэлттэй туулсан ч Ираны дайнаас үүдэлтэй хямралд хамгийн их өртөж байна. Тэгэхээр МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Салбарын хувьд сүүлийн жилүүдэд 15-20  хувийн  өсөлттэй, зорчигчийн урсгал харьцангуй гайгүй, тогтвортой өсөлтийг үзүүлээд явж байна. Гэсэн хэдий ч Ойрх Дорнодын дайн байлдаантай бүс нутгаас шалтгаалан түүхий эдийн үнэ өссөн. Манай хувьд олон улсын нислэг дээр гаднын олон улсын нисэх буудлуудаас сумалгаа хийж түлшээ авдаг. Сумалгаагаар авдаг түлшний үнэ сүүлийн үед 2-2.5 хувиар өсчихлөө. Өмнө нь 750-850 ам.доллараар түлшээ авдаг байсан бол одоо нисэх буудал болгон харилцан адилгүй, дунджаар 1600-1800 ам.долларын үнэтэй түлш авч байна. Авиа компаниудын хувьд гол зардал нь түлшний үнэтэй холбоотой байдаг. Манай зардлын 30 хувийг  түлш бүрдүүлдэг. Энэ зардал одоо 45-50 хувь руу дөхөж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд сорилттой нүүр тулахын зэрэгцээ нэлээд хэмжээний алдагдал хүлээх  урьдчилсан тооцоог бид гаргаад явж байна.

-Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өсөж, зарим авиа компани нислэгийн үйл ажиллагаагаа хязгаарлаж, үүнийг дагаад тийзний үнэ өсөх эрсдэлтэй үүсжээ. МИАТ компани ойрын зорилтуудаас гадна ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

-Олон улсын авиа компаниудын хувьд өөрийн агаарын хөлөгтэй улс орнууд түлшний үнийн тогтворгүй байдлаас шалтгаалан зарим нислэгийг цуцлах, хаах, тодорхой хугацаагаар зогсоох, эсвэл нислэгийн давтамжийг цөөрүүлэх зэрэг зохицуулалтыг хийж байна. Манай хувьд  бол  зогсоох юм уу, шууд хаах бололцоо байхгүй. Тэгэхээр бид одоо байгаа нислэгүүдийн давтамжийг эргэж харж байна. Түүнтэй уялдуулан бусад орлогуудаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт түлхүү анхаарч ажиллаж байгаа. Хүмүүс  МИАТ ТӨХК-ийг  зөвхөн зорчин явах агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа гэж хараад байдаг. Тэгвэл манай компанид Засвар үйлчилгээний төв гэж байдаг. МИАТ ТӨХК-д засвар үйлчилгээ хийхээс гадна бусад авиа компанид засвар үйлчилгээ хийдэг, тэндээс орлого олдог. Газрын үйл ажиллагаа гэж байна. Монгол Улсад ирж байгаа агаарын хөлгүүдэд гэрээгээр газрын үйл ажиллагаа буюу агаарын хөлгийн газарт байх үйлчилгээг үзүүлдэг.. Бид агаарын хөлгийн түлшнээс 100 хувь хараат байдлаа багасгахын тулд бусад үйл ажиллагаагаа сайжруулах, идэвхжүүлэх,  орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч байна.

- Та ажлаа аваад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд менежментийн ямар өөрчлөлтүүдийг зоригтой хийе гэж шийдэв. Ямар төлөвлөгөөг хэрэгжүүлж байна?

-Салбар маань улирлын шинж чанартай. Ялангуяа манай улс дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалтай. Зундаа ачаалал ихтэй байдаг бол хавар, намар, өвлийн улиралд зорчигчдын урсгал нь харьцангуй саардаг. Энэ хүрээнд бид  агаарын хөлгийнхөө чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч ирлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн өргөн биетэй агаарын нэг хөлгийг гаднын “Gulf Air” компанид нойтон түрээсээр өгч ашиглуулсан. Агаарын хөлгийн ашиглалтыг аль болох сайжруулах талаас хичээж ажиллалаа. Харамсалтай нь сая  Ойрх Дорнодын бүс нутагт ажиллахад хил хаагдаж, “Gulf Air” компанид түрээсэлсэн  онгоц маань буцаад ирсэн, нислэгийн хуваарьт оруулаад явж байна. Нэг талаар,  түлшний үнэ өсөж Ойрх Дорнодод дайн байлдаантай байгаа ч нөгөө талаар манай агаарын хөлгөөр юм уу, манай чиглэлүүдээр транзит урсгалууд нэмэгдэж, Хонг-Конг, Токио, Сөүлээс Франкфурт-Истанбул, эргээд Европоос Ази руу манайхаар дамжин нисэх урсгал сайжирч байна. Тэгэхээр бид “6-р эрх”-ийн гэж ярьдаг  транзит  зорчигчдын урсгалыг сайжруулахад түлхүү анхаарч байна. Үүнтэй холбоотой транзит зорчигчоо хэрхэн татах вэ, транзит нислэгийг хэрхэн дараагийн нислэгтэй холбох вэ, дээр нь манайд ирж байгаа транзит зоригчоо хаана байрлуулах вэ, цагийн хуваарь ямар байх вэ, манай дээр байгаа “Blue Sky Lounge”-ийг  хэрхэн сайжруулж өргөтгөх вэ гэдэгт мөн анхаарч байна. Манай улсын хувьд харьцангуй жижиг зах зээлтэй. Бид зөвхөн дотоодын  зорчигчийн урсгалаа харах юм бол хязгаарлагдмал байдаг. Үүнээс гадна олон улсын транзит зоригчид руу чиглэсэн үйл ажиллагаануудыг хийж, орлого ашгаа нэмэгдүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд ажиллалаа.

-АНУ руу шууд нислэг үйлдэхээс гадна  ойрын үед шинэ чиглэлүүдээр ямар хүлээлттэй байгаа вэ?

-Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бид нэлээн  олон шинэ  чиглэл нээсэн. Энэ жилийн хувьд олон сорилттой  нүүр тулж байна. Тиймээс шинэ чиглэл нээх гэхээс илүү өнгөрсөн хугацаанд нээсэн чиглэлүүд рүүгээ анхаарч идэвхжүүлэх, сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Зарим чиглэлүүд улирлын шинж чанартай байгаа. Үүнийг аль болох жилийн дөрвөн улиралд нисдэг байдлаар сайжруулна.

-Олон улсын шинжээчид “Нисэхийн болон батлан хамгаалах салбарын чухал эргэлтийн цэг дээр ирсэн. Алс Дорнодын байдал намжлаа ч үлдээж буй хямралын сөрөг нөлөө арилахгүй, хугацаа орно” гэж үзжээ. МИАТ  үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

-Манай гол асуудал түлштэй холбоотой. Дайн байлдаан намжаад байдал  гайгүй боллоо ч  нөөцийн асуудал яригдана. Түлшний асуудал тогтвортой болж үнэ хямдарна гэж харахгүй байна. Иймд үүнд зориулсан үнийг тодорхой хувиар өсгөх, дээр нь зорчигчийн урсгалыг сайжруулах, одоо байгаа давтамжуудыг эргэж харах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Үүсээд байгаа асуудлууд  гэнэтийн хүчин зүйл байлаа. Бидэнд урьдчилж бэлдсэн, бэлтгэсэн зүйл хараахан байгаагүй. Манай компанийн хувьд түлшнийхээ 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг гаднаас сумалгаа хийж авдаг  байсан бол одоо дотоодод байгаа сумалгааны тариф харьцангуй хямд үнэ рүү шилжлээ. Бид дотоодоос түлшээ авах нөөцлөх, гадаадаас авах үнэ тариф дээр аль болох хямд үнэтэй байгаа газраас түлш их хэмжээгээр  авах, юм уу бэлдэх гэсэн макро менежментийн ажлуудыг түлхүү хийхээр болж байна.

- Монголд зохион байгуулагдах COP17 чуулга уулзалтад хэрхэн бэлтгэж байна вэ?

-Манай компани  зургаа, долоо, наймдугаар сард ачаалалтай байдаг. COP17 чуулга уулзалтын хүрээнд ажиллаж байгаа ажлын хэсгүүдтэй бид нягт хамтарч ажиллаж байна. Одоо долоо, наймдугаар сарын борлуулалтыг харахад нийтдээ 40 хувийн тийзийн  борлуулалт хийгдсэн байна. Тэгэхээр нэмэлтээр ямар нислэгүүдийг гаргаж болох вэ, COP17 чуулга уулзалтын хүрээнд ямар нислэгүүдийг шинээр нэмэх вэ гэдгийг харж байна. Тухайн нислэгийг нэмэхтэй холбоотой боловсон хүчний асуудал яригддаг. COP17 чуулга уулзалтын хүрээнд нисэх бүрэлдэхүүн болон бүхээгийн ажилчдын тоог нэмэх шаардлагатай,  нислэгийн цагаа  дагаад тэр ажлууд хийгдэнэ. Нөгөө талаас манайд ирж байгаа зочдын хүрээнд түрүүнд хэлсэн  газрын үйл ажиллагааг зохион байгуулахад  бидэнд нэлээд ачаалал ирэх байх. Зөвхөн Чингис олон улсын нисэх буудлаас гадна Буянт-Ухаад зарим  нислэгийг хүлээж авах байх. Үүнтэй холбоотой бид программ хангамж, хүн хүчний ажлуудаа төлөвлөж, зохион байгуулаад  явж байна.

- Монголд аль ч салбарт хүний нөөц асуудалтай, МИАТ-ийн хувьд ямар байдаг вэ?

-Дотоодын аж ахуй нэгжүүдэд тулгардаг  тэр асуудал  бидэнд ч мөн ялгаагүй тулгардаг. Түүгээр зогсохгүй манайд тэр асуудал  арай илүү байдаг болов уу гэж бодож байна. Манайх мэргэшсэн боловсон хүчин шаардагддаг онцгой салбар. Нэг боловсон хүчин тодорхой хэмжээний  үйлдвэрлэл, үйлчилгээнд гартал  2-3 жил сургалтад  сууж, судлах  шаардлагатай. Тэр шаардлагаа хангаж сертификат авч байж  сая ажлын байранд очдог. Тиймээс бидэнд боловсон хүчнийг сургах шаардлага гардаг. Нөгөө талаас нөөцөө бэлдэхгүй бол бид яг үнэндээ боловсон хүчний нэлээд дутагдалтай. Тэр дундаа мэргэшсэн боловсон хүчний дутагдал энэ салбарт их байдаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2026.4.27 №077

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа