Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Санал болгох
-
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн...
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал эхлэхэд 95 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах дэ...


Сэтгэгдэл