Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.
Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.
Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.
Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл