АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.

Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.

Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.

Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.

Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа