Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна.

Явуулын мэдээллийн төвийг 2026 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллуулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүд, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан хамтран оролцож, иргэд, олон нийтэд зориулсан олон талт мэдээлэл, зөвлөгөө, танилцуулгыг хүргэж байна.

Энэ үеэр иргэдэд парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хууль тогтоох ажиллагаанд хэрхэн оролцох, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдтэй танилцах, санал өгөх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм.

Тухайлбал, https://d.parliament.mn/ болон https://petition.parliament.mn/ цахим системийг ашиглан нийтийн өргөдөл, гомдол хэрхэн санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад санал, байр сууриа илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах цахим үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.

Үүний зэрэгцээ Парламентын номын сангаас Үндсэн хууль, парламентын ардчилал, хүний эрхийн боловсролтой холбоотой ном, эмхэтгэл, судалгааны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтэд толилуулж байгаа юм.

Өнөөдөр (2026.06.29) Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцах аялалд оролцсон иргэд явуулын мэдээллийн төвөөр зочлон парламентын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Монгол Улсын парламентын түүхэн хөгжлийг харуулсан “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

 

 Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын индэр, Улсын Их Хурлын гишүүний ширээ, сандлын загвар бүхий дурсгалын асарт зургаа авхуулсан иргэдийн тоо цөөнгүй байв. “УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээнд иргэд идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.

  
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аяллын зохион байгуулалтыг танилцуулж, “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Их Хурал”, “Төрийн ордон”, “Парламентын боловсрол”, “Төрийн ордон дахь урлагийн бүтээл” зэрэг ном, гарын авлага, танилцуулгыг иргэдэд хүргэн, сонирхсон асуултад нь хариулж, санал хүсэлтийг нь сонсон эргэх холбоог бүрдүүлэн ажиллаж байна.

 

Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг билээ.

Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулагдсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жил Олон улсын парламентын өдрийг дэлхий нийтээр “Bring human rights into focus” буюу “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа