Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр Францын нэрт дарсны бүс болох Бордо хотын орчимд хүрсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парис хотын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаажээ. Хэт халалт, хуурайшилт, салхины чиглэл тогтмол өөрчлөгдөж байгаа нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд Бордо хотын ойролцоох таван суурингийн оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.

Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Галын улмаас олон зуун орон сууц шатаж, 75 гал сөнөөгч бэртсэн байна. Мөн зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгаа нь унтраах ажиллагааг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ.

Испанид ч түймэр үргэлжилж, Мадрид, Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 76 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна. Ирэх өдрүүдэд ч өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа тул Франц, Испанийн эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа