Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор  Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав.

Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Мөн 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол 1 хувийн татвар төлөх болж байна.

Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.

Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран 1 хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.

Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.  

Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.

Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар  бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.

Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа