Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт тохиолдлоос хоёр дахин их үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2026 оны эхний таван сарын хугацаанд дээрх төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 754 тохиолдол бүртгэгдсэн бол зургаа, долдугаар сард 1235 тохиолдол бүртгэгджээ.

Зургаа, долдугаар сард бүртгэгдсэн тохиолдлуудаас 774 нь мопед, 136 нь скүүтер, 171 нь суррон болон цахилгаан дугуйтай холбоотой осол, гэмтэл байна. Мөн явган явж байхдаа эдгээр тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн 154 тохиолдол бүртгэгджээ.
Нийт 1235 тохиолдлын 763 буюу 61.8 хувь нь эрэгтэй, 472 нь эмэгтэй байна.
Насны бүлгээр авч үзвэл 20-иос дээш насныхан 703 буюу 56.9 хувь, 15–19 насныхан 431 буюу 34.9 хувь, 0–14 насныхан 101 буюу 8.2 хувь эзэлжээ.
Харин оны эхний таван сард бүртгэгдсэн 754 тохиолдлын 463 буюу 61.4 хувь нь эрэгтэй, 291 буюу 38.6 хувь нь эмэгтэй байжээ. Тухайн хугацаанд 20-иос дээш насныхан 414 буюу 54.9 хувь, 15–19 насныхан 246 буюу 32.6 хувийг эзэлсэн байна.

Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Тухайлбал,
- 2022 онд – 50
- 2023 онд – 305
- 2024 онд – 532
- 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.
Мөн явган зорчигч эдгээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдолд эмэгтэйчүүд, бусад төрлийн осол, гэмтлийн үед эрэгтэйчүүд гэмтэх нь түгээмэл байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлэл харуулж байна.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Сэтгэгдэл