Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн зохион байгуулалтад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж буйд Монголын тал талархал илэрхийлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм.

Монгол Улс тус хурлын үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван гол санаачилгыг олон улсад дэвшүүлэхээр бэлтгэж буй. Монголын талаас эдгээр санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг Хятадын талд тавьжээ.

Уулзалтаар мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, бүтээн байгуулалт болон цаашдын үйл ажиллагааг байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглүүлэх талаар талууд санал солилцжээ.

Төв байгуулах бэлтгэл ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Цаашдын бэлтгэл ажлын талаар санал солилцож, гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг 2026 оны есдүгээр сард Бээжин хотод Монгол, Хятадын цөлжилтийн хяналт, шинжилгээний хамтын ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Цаашид байгаль орчны чиглэлийн хамтарсан сургалт, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хоёр улсын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа