Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.
Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.
Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.
Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.
Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.
Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.
2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.
Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.


Сэтгэгдэл