- Сэтгүүлч
- 2020/11/12
- 508
Монголын сайтын холбоо уриалга гаргалаа
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Монголын сайтын холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редактор, сэтгүүлчдэд хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
УРИАЛГА
Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Монголын Сайтын холбоо цахим орчинд мэдээлэл бэлтгэн нийтэлж байгаа редакциудад хандан дараах уриалгыг гаргаж байна.
1. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нар цар тахлын үед редакцын зохион байгуулалтаа ажилчдын санааг тусган нухацтай ярилцаж, ажил үүргийн хуваариа тогтоож, хөдөлмөрлөх аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах.
2. Редактор, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мэргэжлийн байх, ёс зүйг эрхэмлэх үүргээ сахих.
3. Аливаа мэдээллийг түгээхдээ хүний эрх, эрх чөлөө, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах.
4. Олныг төөрөгдүүлэхээс сэргийлэн мэдээллийн гарчиг, зураг, тайлбарыг оновчтой, салаа утгагүй өгөх.
5. Мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулж, сайтар нягталсны үндсэн дээр нийтэд түгээх.
6. Цар тахалтай холбоотой мэдээллийг албаны, ил эх сурвалжаас тодруулж, боломжтой бол эх сурвалжийг дурдах.
7. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг редакцын бодлогоор дэмжих.
8. Олныг үймээн самуунд турхирсан, худал ташаа, ор үндэсгүй мэдээллийг өөгшүүлэхгүй байх.
9. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны албан мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, хамтран ажиллахыг уриалж байна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл