Корпорацийн авлигын талаар судалгаа хийх шаардлага их байна
Эх сурвалж: promarket.org
Сүүлийн арван жилд корпорацийн авлигын хэргүүдийн дуулиан тасралтгүй гарч байна. Гэвч авлигын талаархи ихэнх судалгаанууд төрийн байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн байдаг. Сүүлийн үед хийгдсэн нэгэн шинэ судалгаагаар корпорациудын авлигын талаархи судалгааг нэгтгэж, илүү их анхаарал хандуулах шаардлагатай байгаа чиглэлийг тодорхойлсон.
Корпорацийн авлига нь бизнест итгэх итгэлийг бууруулж, өрсөлдөөнт зах зээлийн хэвийн ажиллагаанд саад учруулж болзошгүй, шийдвэрлэгдээгүй асуудал болсоор байна. Сүүлийн хэдэн жилд Айрбас (Airbus), Голдман Сакс (Goldman Sachs), Мак Кинсий (McKinsey), Новартис (Novartis), Сийменс (Siemens), Ролс Ройс (Rolls Royce) зэрэг корпорацийн удирдлага авлигын хэрэгт холбоотой болохыг олж илрүүлсэн. Энэ бүгдээс дүгнэхэд сүүлийн үед корпорацийн авлигаас урьдчилан сэргийлэх тухайд ахиц бага гарсан боловч харин ийм хэргийг илрүүлэхэд ахиц дэвшил илүү сайн гарсан байна.
Ковид-19 цар тахлын үр дагавар болон түүнээс үүдсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор авлигын хэргүүд цаашид илэрч, томоохон дуулиан дэгдэж болзошгүй гэж бид үзэж байна. Уоррен Буффет 2001 онд Беркшир Хэтэуэй корпорацийн хувьцаа эзэмшигчдэд зориулан илгээсэн захидалдаа дурдсанаар "Далайн түрлэг татрах үед л хэн нүцгэн сэлж байгааг олж мэдэж болно". Эдийн засаг сайн байх үед бизнесийн хүрээний зохисгүй үйлдлийг нуун дарагдуулах боломж их байдаг. Тухайлбал авлигач удирдлага өөрсдийн ёс зүйгүй үйлдлээ нуухад нь эдийн засгийн нөхцөл байдал тус болж байдаг. Харин эдийн засгийн уналт, эдийн засгийн удаашрал зэрэг нь уг зохисгүй үйлдлийг илрүүлэн гаргах боломжийг олгож байдаг. Жишээлбэл, 2008 оны санхүүгийн хямралын үр дүнд Мадофын хөрөнгө оруулалтын шуугианыг илрүүлэх боломж бүрдсэн байдаг. Үнэхээр ч сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан корпорацийн авлигын хамгийн том дуулианыг эдийн засгийн уналтын дараа бүгд мэдсэн байдаг. Үүний нэг жишээ нь Энрон (Enron), Волдком (WorldCom) корпорациудын хэрэг юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл төдийгүй судалгаа шинжилгээний ажилд ч төрийн байгууллагын үйл ажиллагааны авлигыг илүү их анхаарсан байдаг. Европын Комиссын 2017 оны тайланд “ЕХ-ны бизнес эрхлэгчдийн 37 хувьд авлигын улмаас бэрхшээл тулгарсан” гэж дурдсан.
Дэлхийн банкны мэдэгдсэнээр "аливаа бизнесийн үйл ажиллагааг авлигын түвшин багатай улсаас авлигын түвшин дунд эсвэл авлига өндөртэй улсруу шилжүүлэхэд авлигын үр нөлөө нь 20 хувийн татвар ногдуулж байгаатай дүйцэхүйц болох нь тогтоогджээ." Гэхдээ түгээмэл ажиглагддаг нэг асуудал бол ёс зүй муутай корпораци авлигыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг явдал юм. Европын Комиссоос 2014 онд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 60 хувь нь хээл хахууль өгөх болон танилын харилцааг ашиглавал төрийн зарим үйлчилгээг авахад илүү хялбар болдог гэж хариулжээ. Тиймээс бодит байдал дээр авлига нь ихэнхдээ төсөөлж байгаагаас ч илүү төвөгтэй байдаг.
Энэхүү судалгаагаар бизнес дэх авлигын талаар одоогоор хийгдсэн судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэж, корпорацийн авлигыг тусдаа нэг төрлийн авлига гэж хүлээн зөвшөөрч, цаашид судлах хэрэгтэй гэж үзсэн. Иймээс корпорацийн авлигыг “корпорацийн төлөөлөл болсон эсвэл корпорацийн үр өгөөжийг хүртэгч албан тушаалтан өөрийн эрх мэдлийг зохисгүй байдлаар ашиглах явдал юм” гэж тодорхойлж, авч үзсэн.
Холбогдох судалгааны ажилд үндэслэн корпорацийн авлигын дөрвөн үндсэн хандлагыг тодорхойлсон. Үүнд: 1) авлигыг үүссэн нөхцөл байдлын хувьд хамгийн зохистой шийдэл гэж үзэх хандлага; 2) авлигыг тогтсон практик гэж үзэх хандлага; 3) авлигыг соёлын хэм хэмжээ гэж үзэх хандлага; 4) авлигыг ёс зүйн алдаатай үйлдэл гэж үзэх хандлага.
Бизнесийн сургуулийн судлаачид корпорацийн талаар гүн гүнзгий мэдлэгээ ашиглан корпорацийн авлигын талаарх ойлголтыг боловсруулбал зохицуулах байгууллагууд, корпорацийн удирдлагууд болон корпорацийн авлигын асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй бусад хүмүүст ач холбогдолтой байх болно гэж энэхүү судалгаанд дүгнэсэн. Тиймээс корпорацийн авлигын талаар ойлголтыг бий болгохын тулд дээрх сэдвийг судлах нь нэн чухал юм.
Авлигын талаарх сүүлийн үеийн судалгаануудын үр дүнд авлигын шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх асуудалд чиглэгдсэн байдаг. Үүний зэрэгцээ одоо хийгдэж буй судалгаанууд засгийн газрын авлигын асуудалд төвлөрч байна. Төрийн байгууллага дахь авлигын судалгааны ихэнх нь авлигад өртөж байгаа үйл ажиллагааг илүү хялбаршуулах, төрийн албан тушаалтанд зохисгүй урамшуулал олгох, эсвэл төр, хувийн хэвшлийн хоорондох хил хязгаарыг ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор ашиглах асуудалд чиглэгддэг. Харин эдгээр төрлийн авлигыг судлахдаа корпорацийн удирдлагын оролцох оролцоонд анхаарал хандуулдаггүй.
Цаашилбал, авлигын томоохон тохиолдлууд том, жижиг аль аль нь пүүсүүдийн дотор болон тэдгээрийн хооронд гардаг. Тиймээс корпорацууд дахь авлигын асуудалд анхаарлаа хандуулах нь засгийн газрын авлигатай тэмцэх ажлыг нөхөх, авлигыг ерөнхийд нь ойлгох чухал хэтийн төлөв юм. Тиймээс аж ахуйн нэгжийн авлигын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь онцгой чухал бөгөөд засгийн газар болон корпорацийн авлига хоёулаа эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүсийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт татан оролцуулдаг тул хүчирхийлэл үйлдэгдэж буй нөхцөл байдал үндсэндээ өөр өөр байдаг.
Корпорацийн авлигын хэргүүд дийлэнхдээ том, жижиг корпорациудын дотоодод эсвэл тэдгээрийн хооронд гарсан байдаг. Тиймээс корпорацийн авлигын асуудалд анхаарлаа хандуулахын тулд авлигын тухай ерөнхий ойлголтыг тодорхойлж, тэр дундаа төрийн байгууллага дахь авлигатай тэмцэх ажлыг ойлгож мэдэх хэрэгтэй. Корпорацийн болон төрийн байгууллагын аль алиных нь хувьд авлига нь албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа явдал юм.
Төрийн үйл ажиллагаа нь байгууллагын соёл, цалин урамшууллын систем, засаглал, логикийн хувьд корпорациас ялгаатай байдаг тул авлигын боломж, авлигад автсан шийдвэр гаргах байдал, авлигын практик зэрэг нь эрс ялгаатай байдаг. Корпораци өрсөлдөөний дарамттай тулгардаг бөгөөд энэ нь удирдах албан тушаалтнууд авлига авахад нөлөөлж болзошгүй юм. Хүчтэй өрсөлдөөний улмаас корпораци өрсөлдөгчдөө ялах зорилгоор авлигыг дэмждэг.
Эцэст нь дүгнэхэд корпорацийн авлига нь бизнесийн байгууллагууд, тэдгээрийн хөрөнгө оруулагчид, төр засагт туйлын сөрөг нөлөөтэй байдаг тул энэ нь нийгэмд шууд нөлөө үзүүлж болох томоохон асуудал юм. Корпорацийн авлигыг төрийн байгууллага дахь авлигатай адилхан авч үзэх ёстой боловч корпорацийн онцлогоос шалтгаалан ихээхэн ялгаатай байж болох бөгөөд улмаар үүнд засгийн газрын авлигатай тэмцэх арга замыг ашиглахад тохиромжгүй байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл