Шуурхай бүлэг шуурхай арга хэмжээ авч байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийж тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан билээ.
Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэв. Сүүлийн 2 хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авсаныг танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр замын ажилтнуудад талархал илэрхийлээд, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсэв. Мөн дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.
- Сэжигтэй тохиолдлуудын хаягийг маш яаралтай тодорхойлж, хэрэв нэг доор байвал уг газрыг тусгаарлах, халдваргүйжүүлэх,
- Бусад өртөө, зөрлөг, байгууллагуудад ажиллаж байгаа төмөр замчдыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах,
- Зөрлөгүүд, замын хэсгүүдэд хоол хүнсний хангалтыг шуурхай зохион байгуулах, аюулгүй байдлыг ханган, хүнсний барааны сав баглаа боодлын гадна талын ариутгал тогтмол хийх,
- Ээлжийн болон шуурхай ажлаар яаралтай дуудагдсан ажилтнуудын нэрс гаргаж, орон нутгийн онцгой комисс, тээврийн цагдаад даруй мэдэгдэж, түргэн шуурхай зорчих боломжийг олгох,
- Өртөө, зөрлөг, харьяа байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудыг шинжилгээнд нэгдсэн байдлаар шуурхай хамруулах ажлыг зоихион байгуулах,
- Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа байгууллагад болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг тогтмол ариутгаж байх,
- Өвчний голомттой газар ажиллаж байгаа болон халдвар авсан ажилтнуудын ар гэр, нийгмийн асуудалд байгууллагууд онцгой анхаарч, бүхий л талаар туслалцаа үзүүлэх,
- Иргэдтэй шууд харьцаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг халдвар, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах, хяналт тавих,
- Зүтгүүрийн бригадын ажил, амралтын дэглэмийг сайтар сахиулан амралтын байранд тогтмол ариутгал хийлгэх, бусадтай харьцаанд оруулахгүй байх арга хэмжээг авах,
- Улаан буудай, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарах,
- Цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт, тээвэрлэлтийг саадгүй шуурхай зохион байгуулах,
- Уул урхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардлагатай вагоны хангалтыг тогтмол хийх,
- Хэрэгжүүлж байгаа ажлын тайланг өдөр бүр гаргаж танилуулах,
- Халдварын болон бусад мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яамаар дамжуулан мэдээлэх, баталгаагүй мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэхгүй байх,
- Шуурхай танилцуулах,шийдвэр гаргуулах асуудлыг цаг алдалгүй холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдэж байх,
- Шуурхай бүлгийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах.
Хуралдааны үеэр яригдсан, тухайлбал, Төмөр замын төв эмнэлэгт шаардлагатай 2000 ширхэг түргэн оношлуурыг олгуулах асуудлыг ЭМЯ-нд тавих зэрэг олон асуудлыг шуурхай шийдвэрлэж эхлээд байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сэтгэгдэл