АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нарын 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр хамтран өргөн барьсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.

Энэхүү айлчлалын нэг үр дүн болж батлагдсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол” нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж буй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна АНУ-ын Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.

Уг тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороогоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр батлаад байсан юм. Энэхүү тогтоолыг хэлэлцүүлэх үеэр Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн талаар ярьж, хуулийн төслийг дэмжихийг гишүүдээс хүссэн байна.

Харин Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жэйми Раскин энэхүү тогтоол нь Монгол Улс ардчилал, аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хүний эрхийг хүндэтгэн дээдлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа явдлыг сайшааж, хоёр улсын хоорондын чухал түншлэл өргөжин хөгжиж буйг бататгаж байгааг тэмдэглэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа