Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна.
Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ.
Тодруулбал,
- Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах;
- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох;
- Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох;
- Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох;
- Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах;
- Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах;
- Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;
-Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл