Өчигдөр буюу нэгдүгээр сарын 07-ны өдөр тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

"Өнгөрсөн хугацаанд БНСУ руу хийхээр товлосон тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг товлолоо. Энэ удаагийн нислэгээр 150-160 орчим иргэн эх орондоо ирнэ. Арваннэгдүгээр сарын тийзээ баталгаажуулсан иргэдийг авахаар төлөвлөж байна. Дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч байгаа. БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4692 иргэн байна. Яаралтай ирэх 1600 гаруй иргэн байгаа юм.

БНСУ-д Элчин сайдын яаманд иргэд олноороо цуглаж буй асуудал үүсч байна. Тус улсад халдварын нөхцөл байдал намжих хандлагатай байгаа ч гамшгаас хамгаалах онц байдлын зэргийг сунгасан байна. Энэхүү горимын хүрээнд 5-аас дээш иргэд цуглахгүй байхыг анхааруулж буй. Иймд ЭСЯ-ны байранд олноор цуглахгүй байхыг анхааруулъя.

Мөн цахим сүлжээнд цацагдсан мэдээлэлд залруулга хийе. МИАТ компани карго нислэг хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамнаас дипломат ажилтнуудаа буцаах, оронд нь шинээр томилогдох ажилтнуудаа авчрах асуудал тавьж байсан. Тиймээс АНУ-ын Засгийн газар МИАТ компанийг дэмжиж онгоц хөлсөлсөн. Энэхүү нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30, НҮБ-ын 3, Монгол Улсын 5 иргэн ирсэн. Тэдний хоёр нь өнгөрсөн сарын 25-нд БНСУ руу, нөгөө нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан зорчигчид юм. Харамсалтай нь, тодорхой зөрчлийн улмаас хилээр нэвтрүүлээгүй тул Инчоны онгоцны буудалд 10 гаруй хоног гацсан байсан.

Олон улсын иргэний агаарын тээврийн журмаар тээвэрлэсэн компани нь буцаах ёстой байдаг. Өөр нэг нь ажлын шаардлагаар хүнд өвчтөнийг хүргэж өгөөд буцсан эмч. Үндсэндээ таван монгол иргэнийг гадаад улсын захиалгаар авчирсныг та бүхэн зөвөөр ойлгоорой. Нислэгээр ирсэн 38 хүнийг "Кемписки" зочид буудалд тусгаарласан." хэмээн мэдэгдлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа