“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана
“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албанаас хамтран “Алтан бүрээ-2021” цэргийн хөгжмийн их наадмыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ наадмын гол онцлог нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, зарим урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчид оролцоно. Ингэхдээ аймаг, орон нутгийг бүрэн хамруулах хүрээнд бүсчилж, оролцуулна. Тухайлбал, зүүн, төв, баруун, хойд бүсийн цэргийн хүрээгээр нь бүсчлэх бөгөөд энэ нь цэргийн хөгжмийн хөг аяас гадна аймаг, орон нутгийнхаа соёл, онцлогийг харуулсан аялгууг эгшиглүүлэхээрээ онцлог юм. Баруун бүсийн цэргийн хүрээ гэхэд олон ястны соёл, урлагийг эгшиглүүлнэ гэсэн үг. Их онцлогтой сайхан наадам болно харж байна. Наадмын бэлтгэл ажлыг ч үндсэндээ хангаад дуусаж байна.
Наадмыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Уг нь төлөвлөгөө ёсоор Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 3 дугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2021 оны 6 дугаар сар хүртэл хойшлуулсан. 6 дугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл нэгдсэн бэлтгэлийг эрчимтэй явуулж, Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэнэ. Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо мөн бэлтгэлээ явуулах учиртай. Мэдээж цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулагчид бидний хувьд 6 дугаар сар гэхэд цар тахлын нөхцөл байдал намжина гэж найдаж байна.
Хэрэв цар тахлын нөхцөл байдал хумигдаагүй байвал тодорхой хугацаагаар хойшлох уу?
-Тэгнэ. Гэхдээ бидний хувьд цагийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэж байна.
Өмнө нь ийм төрлийн цэргийн хөгжмийн наадам зохион байгуулагдаж байв уу?
-Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Эх орны төлөө”, зарим Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын хэмжээнд “Мөнгөн бүрээ” хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Олон улсын жишигт хүрэхүйц, цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулсан их наадам нь энэ жилийнх байх болно. Энэ наадамд төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэгтэй, гардан тулааны үзүүлбэр, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын хамтарсан үндэсний бүжиг, Үндэсний үлээвэр найрал хөгжим зэрэг ард иргэд, үзэгч олноо цэрэг дайчдаараа бахархах үзлийг түгээх олон сайхан үзүүлбэрүүд багтана.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Сэтгэгдэл